Tuesday, April 8, 2014

Ажлын байрны стресс



Мэргэжил бүхэн сайхан... Гэвч өнөө үед биднийг стресстүүлэгч, сэтгэл зүйн эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөлөхүйц нэгээхэн хүчин зүйл нь бидний эрхэлж буй ажил мэргэжил болжээ. Та бүтээмж багатай ажиллаж, харилцаанаас татгалзаж, ганцаар байхыг илүүд үзэх, ажил дээрх уур бухимдлаа гэр бүлийнхэндээ гаргах, ажилдаа сэтгэл ханамжгүй болох, эсвэл ажлаас өөр бодох зүйлгүй болж, хамт олонтойгоо таарамжгүй харилцаж, нойргүйтэж, өөрт итгэх итгэлээ алдаад байгаа юм биш биз?

Таныг амжилттай ажиллахад саад болж буй бусад болон эдгээр шинж тэмдгийн аль нэг нь илэрсэн бол та өөртөө анхаарал хандуулах цаг болсныг сануулж байна. Амжилттай ажиллахын тулд та өөрийн хичээл зүтгэлээс гадна сэтгэл зүйн хувьд эрүүл, тайван байх хэрэгтэй юм шүү.
Тэгвэл дээрх шинж тэмдэг хаанаас яагаад үүсэх болов? Ажлын байрны стресс гэх тусдаа ойлголт бий болоод багагүй хугацаа өнгөрсөн, энэ ч танд танил сонсогдож байж магадгүй. Ажлын байрны стресс даамжран, удаан хугацааны туршид зохицуулагдахгүй явсаар "ажлаас халшрах хам шинж /burn out/” үүсдэг байна. Энэ нь дан ганц ажлын байран дээр бус найз нөхөд, гэр бүлийн харилцаанд асуудал үүсгэх мөн бусад бие хүний сэтгэл зүйн тодорхой өөрчлөлтийг хамарсан хам шинж юм. Ажлын байрны стрессийн үндсэн шалтгаан нь гадны болон дотоод нөлөөллөөс үүдэлтэй гэж ангилагддаг. Гадны буюу үйл ажиллагааны хүчин зүйлсэд: Сэтгэл зүйн хувьд хэт ачаалалтай ажил, хөдөлмөрийн зохион байгуулалт муу, хэт өндөр хариуцлагатай ажил, таагүй уур амьсгалтай хамт олон г.м багтана. Дотоод нөлөөлөл буюу бие хүний онцлогт: Мэргэжилдээ сэдэл муу, үүрэг хариуцлагыг хэт өндрөөр мэдэрдэг, ажлын хэнээтэй байх зэрэг багтдаг байна. Нэг үгээр хэлбэл ажиллаж байх явцад үүсэх хүний бие физиологийн болон сэтгэл зүйн нөөц бололцооноос давсан ачааллыг ийнхүү нэрлэнэ.
Энэ ачааллыг анзаарахгүй зохицуулахгүй даамжруулан, хэтрүүлэх нь "ажлаас халшрах хам шинж” үүсэхэд хүргэнэ. Стрессээс гадна хам шинж үүсэх бас нэгэн шалтгаан нь таны ажил мэргэжлийн онцлогоос хамаарна. Түүнчлэн бид стресстэж байгаагаа мэддэг боловч хэт даамжирснаар биднийг хэрхэн өөрчилж байгааг мэддэггүй. Энэ хам шинж үүсэж байгааг мөн сэтгэл зүйн хувьд хэрхэн өөрчлөгдөж байгааг яаж мэдэх вэ? Хариултыг мэдэхийн тулд үргэлжлүүлэн уншина уу.
Хам шинж үндсэн 3 ангилалтай ба нэгдүгээр үе, хоёрдугаар үе, гуравдугаар түвшингүүдээс тогтоно. Түвшин бүхэн дотроо 4 шинж тэмдэгээр ангилагдана. Эдгээрээс дурдвал: Сэтгэл зүйн дархлааны сулрал, өөрт болон ажилдаа сэтгэл санамжгүй болох, түгшүүр депресст орох, зохисгүй сэтгэл хөдлөл илэрхийлэлт, ёс суртахууны сөрөг өөрчлөлт, мэргэжлийн хариуцлага сулрах, бие хүний хуваагдал мөн сэтгэл зүйн асуудлаас үүссэн өвчлөлүүд гэх мэт шинж тэмдэгүүд зэрэг хамаарна. Шинж тэмдэг бүр өөрсдийн тайлбартай боловч хэт нуршихгүйн тулд та бүхэнд товч тодорхой сэтгэл зүйд үүсэх асуудлуудыг нэрлэн танилцуулья:
1 – р түвшин буюу "Мэдрэлийн ачааллын түвшин”
·Хэт идэвхи зүтгэл гаргах
·Ажлаас гадуурх харилцаа, хэрэгцээ шаардлагаас татгалзах
·Азгүйтэл, бүтэлгүйтэл, мөн шаналал зэргийг хүлээн зөвшөөрч чадахгүй байх
·Нийгмийн харилцааны хязгаарлалт
·Нойргүйтэл
2 – р түвшин буюу "Эсэргүүцэл”
1. Хамт олондоо хандах хандлага:
·Өөрийн азгүйтэл бүтэлгүйтэлд бусдыг буруутгах
·Хүнлэг бус хандлага гаргах
·Өөрийнхөөрөө биш тогтсон хандлагын дагуу хөндий харилцах
2. Бусад эргэн тойрныхонд хандах хандлага:
·Бусдыг үл ойлгох \эмпати байхгүй\
·Бусдад анхаарал хандуулахгүй байх
·Бусдыг хэт шүүмжлэх хандлага ихсэх
3. Мэргэжлийн үйл ажиллагаандаа хандах хандлагад орох өөрчлөлтүүд:
·Өөрийн үүргийг гүйцэтгэх хүсэлгүй болох
·Ажлын завсарлага байн байн авах, уртасгах
·Хоцролт ихсэх, ажлын цаг дуусаагүй байхад түрүүлж явах
3 – р түвшин буюу "Цөхрөлт”
·Анхаарал төвлөрөлт сулрах
·Хүнд үүрэг даагаврыг гүйцэтгэх чадвар сулрах
·Биеийн дархлаа сулрах
·Нойргүйдэх, бэлгийн сулрал, өөрчлөлт
·Даралт ихсэх, толгой өвдөх нь ихсэх,
·Хоол боловсруулах эрхтэн муудах,
·Нуруу өвдөх
·Архи, мансууруулах бодис, кофены хамааралтай болох
·Төсөөлөх, сэтгэх чадвар буурах
Дээрх шинж тэмдэгүүдийн аль нь танд илэрсэн байгаагаас хамааран аль түвшинд хамрагдаж байгаагаа тогтоох боломжтой ба та сэтгэлээр унах огт хэрэггүй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Учир нь таны амжилтанд эдгээр асуудал саад болохгүйн тулд та урьдчилан сэргийлэх, эсвэл эдгээр асуудлаас ангижрах бүрэн боломж байгааг хэлмээр байна.
Ихэнх хүмүүс үүссэн шалтгааныг мэдэхгүй, ойлгоогүйгээс болон гарах гарцгүй болж энэ байдал өөрчлөгдөхгүй мэтээр ойлгож ажлаа солих шийдвэр гаргах боловч байдал өөрчлөгдөхгүй тохиолдол үүсндэг. Гэвч ажлаа солих, шийдвэр гаргахаас өмнө өөртөө зарим эерэг өөрчлөлтүүдийг хийж сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах боломж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Үүний тулд танд хэрэг болохуйц дараах зөвлөмжүүдийг хүргэе:
АХХШ – ийн үед авч болох арга хэмжээнүүд:
Америкийн эмч нар сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалахын тулд дараах зөвлөгөөг дагахыг уриалсан байна:
1. Зөв хооллолт. Витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх, тослог ихтэй хоол хүнснээс татгалзах, өдөрт 8 аяганаас багагүй цэвэр ус уух
2. Идэвхтэй дасгал, хөдөлгөөн хийх, алжаал тайлах дасгал хийх /гүйх, алхах/
3. Зөв амьсгалах. Жигд, гүн амьсгаа авах нь тайвшруулах тустай.
4. Ажлын ачааллыг өдөржин хадгалахгүй байх, тайвшруулах, релак дасгалыг өлөрт 1 удаа хийх
5. Сонирхолтой амьдрах. Нэгэн хэвийн бус, ажлаас гадна бусад сонирхол хоббигоо хөгжүүлэх, шинэ нээлт хийх.
6. Муу зуршлаасаа салах.
7. Эерэг хандлагад суралцах. Бодлоо эерэг болгох. Өөдрөг байхад суралцах
8. Амьд байгальтай ойр байх, гэртээ болон ажил дээрээ ургамал цэцэг тарих, арчлах.
9. Өөртөө цаг гаргах, дуртай хөгжмөө сонсох, дуртай номоо унш, кино үз.
10. Сэтгэл санааны байдлаа тайван байлгаж сурах, сэтгэл зүйн хувьд тогтвортой байхад суралцах.
Ажлын байран дээр:
ü Сэтгэл зүйн ачааллыг хөнгөвчлөхийн тулд ажлын завсралагыг зохион байгуулах;
ü Ажлын цаг болон амралтыг зохистой
ü Тайвшрах аргад болон сэтгэл зүйн таатай нөхцөл байдлыг бие даан үүсгэхэд суралцах,
ü Амжилттай харилцаанд суралцах,
ü Өөрийн чадамж потенциалыг бодитоор зөв зохистой тооцоолон ажиллах;
ü Нэг үйл ажиллагаанаас нөгөөрүү шилжиж сурах, хэт удаан нэг зүйлийг хийхээс татгалзах;
ü Ажил дээрх зөрчилд тайвнаар хандаж сурах;
ü Үргэлж хамгийн шилдэг нь байхыг оролдохоос татгалзах, шаардлагатай нөхцөл байдлыг сонгох
ü Өөрийн сэтгэл зүйн ачааллыг хөнгөвчилж байх
Ажлын байран дээрх стресс бидний сэтгэл зүйн эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөлөх боломжийг бүү олго. Ажил дээрээ зөвхөн амжилт, сэтгэл ханамжийг мэдэр! Сонголт таны гарт, аливаад гарах гарц байдаг гэдгийг санаарай. Танд амжилт хүсье!

No comments:

Post a Comment