Tuesday, April 8, 2014

хүмүүжил

Үр хүүхэддээ амьдрал бэлэглэхээс гадна хэрхэн амьдрахыг зааж сургах нь эцэг эхийн үүрэг байдаг билээ. Ингээд бидний хувьд гол асуудал нь хүмүүжлийн зөв арга барил байдаг. Энэ талаар ярихаас өмнө энгийн нэг гэр бүлийн хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж байгаа жишээг авч үзье. 
 
-       Тулгаа аавдаа сонин авчраад өг, тэгээд гэрээ сайхан цэвэрлэ.
-       Аав би хичээлээ хийж байна шдээ, та завтай байгаа юм чинь өөрөө цэвэрлэж болохгүй юмуу? 
-       Юу? Байтлаа эцэгээрээ гэрээ цэвэрлүүлэх нь үү? Хичээл номоо хийх цагт нь хийж байсан бол ингэж нэг дор их даалгаварт дарагдахгүй л байсандаа. 
Бид энэ ярианаас юуг ойлгож болох вэ? Мэдээж эцэг хүний хувьд хүүдээ үг хэлсэн, тавих ёстой шаардлагаа л тавьсан. Харин гол нь хүүгийн хичээлээ цагт нь хийдэггүй, ажлыг тулгаж байж хийдэг гол шалтгаан нь түүний аав болох нь энэ ярианаас харагдаж байна. 
Хүүхдийн хувьд хамгийн шилдэг үлгэр жишээ нь эцэг эх нь байдаг билээ. Тэд таны хэлсэн үг, хийсэн үйлдлийг хамгийн зөв зүйл гэж үзэж танд ихээр итгэдэг. Тиймээс тэд таны үгэнд сайн ордог. Гэтэл хүмүүжлийн цоорхой буюу таны үг, үйлдэл зөрж эхлэхэд хүүхэд тань алийг нь дагахаа мэдэхээ больдог. Яг л таны хүндэлж явдаг хэн нэгэн буруу үйлдэл хийснийг мэдээд түүнийг хүндлэх нь багасдагтай адил. 
Та худлаа хэлвэл хүүхэд тань худал хэлэхийг сурна, та залхуурдаг бол хүүхэд тань залхуурлыг сурна, та бусдыг муулдаг бол хүүхэд тань үүнийг ч бас даган дууриана өөрөөр хэлбэл хүүхэд бол эцэг эхийн толин тусгал билээ. Өдрөөс өдөрт өсөн өндийж байгаа хүүхдээ харахдаа та түүнээс өөрийнхөө зан чанарыг олж хардаг л биздээ. Бидний мэддэг хирнээ өөрийн мэдэлгүй гаргачихдаг эдгээр алдааг хараад байнга л сургамжилдаг үгсээс тань илүүгээр суралцдаг гэхэд харамсалтай санагдаж байгаа биз. 
Тиймээс л бид эхлээд өөрсдийгөө хүмүүжүүлэх хэрэгтэй. Үүний дараа хүүхэд тань таныг даган дууриаж байнга үглэхгүй байсан ч зөв хүмүүжилтэй болж өсөх болно. 
Үүнтэй холбоотойгоор эцэг эхчүүдийн гаргадаг дийлэнх алдааг жагсаавал: 
·         Биелэхгүй амлалт өгөх
·         Хүүхдийнхээ хажууд маргалдах 
·         Хүүхдийнхээ дэргэд бусдыг муу хэлэх 
·         Буруу зүйл хийхэд нь бусдын өмнө загних
·         Бусад хүүхэдтэй харьцуулах 
·         Хүүхдийнхээ хүссэн бүхнийг зөвшөөрдөг хирнээ хийсэн зүйлийг нь үнэлэхгүй байх
·         Хүүхэддээ цаг гаргахгүй байх

No comments:

Post a Comment